“МОНГОЛ УЛС: АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2023”-ыг танилцууллаа.

“МОНГОЛ УЛС: АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2023”-ыг танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2023”-ыг танилцуулж байна. Уг тайланг 2012 оноос эхлэн жил бүр бэлтгэн танилцуулж байгаа бөгөөд, энэ жил тус тайланг тасралтгүй 12 дэх жилдээ танилцуулаа.

Судалгааны зорилго

Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох, өрсөлдөх чадварын давуу, сул тал, өөрчлөлтийг хэмжихэд оршдог.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжих шалгуур үзүүлэлт

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг.

“Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2023” судалгааны үр дүн:

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Орхон аймаг  засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
  • Дорноговь аймгийн ерөнхий үнэлгээ 1 эрэмбээр ухарч 2-рт эрэмбэлэгдсэн. Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэгт 1-рт эрэмбэлэгдсэн;
  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 9-өөр өссөн. Үүнд институцийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, боловсрол, соёлын үзүүлэлтүүд сайжирсан нь нөлөөлжээ;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 3.5-аар буурсан. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ;
  • Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгууд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан бөгөөд, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг үндсэн бүлгүүдийн оноо өссөн нь нийтлэг байна;
  • Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Говь-Алтай, Завхан аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн их буурсан байна. Говь-Алтай аймгийн засаглалын үзүүлэлтүүд, Завхан аймгийн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ;
  • 21 аймгаас Дундговь [21], Завхан [20], Говь-Алтай [19] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 3 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.