Монгол Улс бизнесүүд, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн тэгш өрсөлдөөнийг хангах, уул уурхайгаас гадна хувийн хэвшлийн илүү үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бизнесийн орчноо бэхжүүлэх боломж байгааг Дэлхийн Банкны өнөөдөр гаргасан тайланд онцоллоо.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хэдий савлагаатай ч гэсэн өндөр өсөлттэй байж, ядуурлыг бууруулах, хүн амын сайн сайхан байдлыг хангах чиглэлээр ихээхэн ахиц дэвшилттэй байв. Гэсэн хэдий ч Монгол улсын эдийн засаг нь нүүрс, зэс гэх мэт түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай болсон ба уул уурхай болон эдийн засгийн бусад салбар хоорондын уялдаа холбоо сул байна. Ажилгүйдлийн түвшин өндөр, ажиллах хүчний оролцоо ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бага байна.
Монголын бизнесийн орчин, өрсөлдөх чадварын үнэлгээний тайлан-д дурдсанаар бизнесийн илүү таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх нь хатуу хязгаарлалттай хууль журамд эмзэг, тус улсын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 97 хувийг бүрдүүлдэг ЖДҮ эрхлэгчдэд тустай байх юм. ЖДҮ нь ДНБ-ий 5.5 орчим хувь, экспортын 2.4 хувийг (уул уурхайн бус экспортын 31 хувь) бүрдүүлдэг. Мөн Монголын ЖДҮ эрхлэгчид нь улс орны нэн шаардлагатай байгаа эдийн засгийг солонгоруулах, өөрчлөх, бараа, үйлчилгээний кластер, ханган нийлүүлэлтийн сүлжээг нэгтгэж ажлын байр бий болгох, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд идэвхтэй тоглогч болж чадна гэж тайланд дурджээ.
“Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч хэд хэдэн чухал шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлсэн” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ. Мөн тэрээр “Бодлого боловсруулагчид бизнесийн орчныг өөрчлөх аливаа шийдвэрийг гаргахдаа бодлогын уялдааг хангах, дунд болон урт хугацаанд бодлого, хууль эрх зүйн орчныг шинэчлэхдээ хэрэгжилтийн зөрүүг багасгахад анхаарах нь нэн чухал” болохыг онцолсон юм.
Уг тайланд хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихийн тулд бизнесүүдийн хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөмж болгосон байна. Мөн түүнчлэн, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд хил дамнасан худалдаанд учирч буй саад тотгорыг багасгаж худалдааг хөнгөвчлөхийн чухлыг онцолжээ. Түүнчлэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд төрийн үйлчилгээг сайжруулах, үүнд төрийн удирдлагын тогтолцоог цахимжуулах, хялбарчлах шаардлагатай зэрэг бусад зөвлөмжүүд тайланд багтжээ.